|
|
|
"Хөрөнгө оруулалтаас амжилт олоход цаг хугацаа, уян хатан байдал болон тэвчээр шаардана." - Уоррен Баффет |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 47,773.42 нэгжид хүрч 0.57 хувийн уналттай хаагдлаа.
- Монгол улсын 2024 оны 9-р сарын инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 6.7 хувь, өмнөх сараас 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар тус тус нөлөөлсөн байна.
- 2024 оны 9-р сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 4.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна. 2024 оны 9-р сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.39 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- S&P 500 индекс болон DJIA индекс нар өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө хадгалснаар бүх цаг үеийн дээд түвшнийгээ дахин шинэчиллээ. Зах зээлийн өсөлтөд компаниудын 2024 оны 3-р улирлын тайлангийн үр дүн гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, JPMorgan Chase болон Wells Fargo санхүүгийн компаниудын 3-р улирлын тайлан дийлэнх шинжээчдийн таамаглалыг давсан гүйцэтгэлтэй гарсан нь тус компаниудын хувьцааны ханш болон зах зээлийн өсөлтөд эергээр нөлөөллөө.
- Өнгөрөгч 7 хоногийн Пүрэв гарагт АНУ-ын 9-р сарын инфляцын түвшин мэдээлэгдлээ. АНУ-ын 9-р сарын инфляцын түвшин 2.5 хувиас 2.4 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.2 хувиас 3.3 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа.
- 7 хоногт тутмын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 258,000-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн 14 сарын хамгийн дээд үзүүлэлт болж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын төв банк суурь хүүг эрт бууруулна гэх хүлээлтээс үүдэн Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.66 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Евро бүсийн зорилтот инфляцын түвшин 2.0 хувь тул Европын төв банк дараа дараагийн мөнгөний бодлогын хурлуудаар бодлогын хүүгээ бууруулах магадлал өндөр байна. Евро бүсийн инфляцын түвшин 9-р сарын байдлаар 1.8 хувь, хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 2.7 хувь байна.
- Их Британийн эдийн засаг 2024 оны 8-р сард сарын өмнөх үеэс 0.2 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.51 хувь, TOPIX индекс 0.45 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт үргэлжлэн суларлаа. Тодруулбал, 1 ам.доллар 149.24 иентэй тэнцэж арилжаалагдаж байна. Энэ нь 8-р сарын доод ханшаас хойших хамгийн өндөр иений ханшийн сулрал болж байна.
- Япон улсын 9-р сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс жилийн өмнөх үеэс 2.8 хувь, сарын өмнөх үеэс 0.0 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 3.56 хувь, CSI 300 индекс 3.25 хувийн тус тус уналттай хаагдлаа. Даваа гарагт Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл амарсан.
- БНХАУ-ын Засгийн газраас стратегийн өндөр ач холбогдол бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2025 онд 100 тэрбум юанийн бонд босгох ажил үргэлжилж байгаа хэмээн мэдэгдлээ.
- БНХАУ-ын төв банк мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг хөрвөх чадвараар хангах зорилгоор 500 тэрбум юанийн своп хэлцлийг эхлүүлсэн байна. Уг шийдвэр нь 9-р сарын сүүлээр бодлого тодорхойлогчдын зүгээс зарласан бодлогын хүүг бууруулах болон БНХАУ-ын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн бусад бодлогын арга хэмжээг багтаасан өргөн хүрээтэй бодлогын нэг хэсэг байна.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.03 хувиас 6.41 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.67 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.45 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 9.67 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
|
Дэлгэрэнгүй |
|
"TDBS INVE$TOR CUP" ГАДААД ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО |
|
|
|
Манай компанийн зүгээс Уул уурхайн долоо хоног Mining Week & MinePro Mongolia 2024 ОУ-ын үзэсгэлэн, чуулга уулзалт арга хэмжээг тохиолдуулан "TDBS INVE$TOR CUP" гадаад хувьцааны арилжааны тэмцээнийг амжилттай зохион байгуулж ялагчдаа тодрууллаа.
Уг тэмцээний оролцогч Э.Минжин нь уул уурхайн долоо хоногийн арга хэмжээний үеэр "Erdene Resource Development Corporation" /ERD/ компанийн хувьцааг худалдан авч нийт 7.0 хувийн ашгийг 4 хоногийн хугацаанд олсноор 1-р байрт орж 500 000 төгрөгийн хувьцааны эрхийн бичгийн эзэн боллоо. |
|
Дэлгэрэнгүй |
|
ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЭДЭЭ |
|
Хас Банк ХК 2024 оны 3-р улиралд татварын дараах цэвэр ашиг нь өссөн дүнгээр 128.7 тэрбум төгрөгт (өмнөх жилийн мөн үеэс +26.7%) хүрч, өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 26.2%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 122.3 төгрөгт хүрлээ.
2024 оны III улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:
- Зээл ба санхүүгийн түрээсийн багц 3,609 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 8.6%, оны эхнээс 31.2% өссөн нь III улирлын цэвэр хүүгийн орлогыг өмнөх улирлаас 9.0% өсөхөд нөлөөлсөн байна.
- Активын чанарын үзүүлэлт тогтвортой сайн хэвээр байгаа бөгөөд нийт зээл болон санхүүгийн түрээсийн багцад эзлэх чанаргүй зээлийг 2.2%-д удирдан ажиллаж байна.
- Харилцах, хадгаламжийн эх үүсвэр өмнөх улирлаас 0.1%-аар, оны эхнээс 11.3%-аар өсөж, 3,202 тэрбум төгрөгт хүрлээ.
- 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөг буюу нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан бөгөөд IPO хийснээс хойш нийт 61.0 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон олгоод байна.
Эх сурвалж: Хас Банк ХК албан ёсны веб сайт
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2024.10.07
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Mining Week x MinePro 2024” арга хэмжээг 10 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулсан.
Энэхүү олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн салбарын худалдан авагч, УУБ-ний биржийн оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй |
|
|
|